|
ШАРАВДОРЖ Лувсангийн ![]() 1932 онд Дорнодын Баяндун дахь миронос хонины улсын аж ахуйд ажилчнаар орж хоёр жил болоод 1934 онд цэргийн албанд татагдаж Өндөрхаан дахь долдугаар морьт дивизэд пулемётын наводчик болж байгаад, тэр жилийнхээ есдүгээр сард ЗХУ /хуучин нэрээр/-д Ленинградын цэргийн эмнэлгийн дунд сургуульд очиж дөрвөн жил суралцаад 1938 онд төгсч иржээ. Тамсагбулагийн 6 дугаар дивизийн 15 дугаар морьт хороонд хүн эмнэлгийн албаны дарга болж дайчдын эрүүл мэндийг хамгаалах ажлыг сайжруулах, эмнэлгийн бат бэх баазтай болоход гол хүч анхаарлаа тавьж ажиллан 1939 онд Халхын голын байлдаанд оролцжээ. 1940 онд Дотоод явдлын яамны эмнэлгийн албаны дарга болж хэдэн сар ажиллаад маршал Х.Чойбалсангийн зөвлөснөөр хүний их эмч болохоор Ленинградын цэргийн эмнэлгийн академид суралцжээ. Гитлерийн фашистуудтай хийсэн эх орны их дайнд оролцон сургуулиа 1944 онд төгсөөд ирж цэргийн газар эмчээр ажиллаж, 1945 оны чөлөөлөх дайнд өмнөд хэсгийн цэргийн эмнэлгийн дарга тушаалтайгаар оролцжээ. Дайны дараа нисэх хороо, офицерын сургууль, цэргийн төв эмнэлэгт ажиллаад 1956 онд бэлтгэл хурандаа цолтой халагдаж, Улаанбаатар төмөр замын эмнэлгийн албаны даргаар томилогдон очжээ. Тэнд анхны монгол дарга төдийгүй монгол их эмчээр ажиллангаа шинэ тутам байгуулагдаж буй Сүхбаатар, Зүүнхараа, Чойр, Сайншанд, Замын-Үүдийн зангилаануудын эмнэлгүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч хөгжиж дэгжихэд нь тусалж байжээ. АИХ-ын депутатаар сонгогдож, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Цэргийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Цэргийн гавъяаны одон, медалиуд, ЗХУ-ын Байлдааны гавъяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |