
/1939/. Ховд аймгийн Мянгад сум. МУИС-ийн Биологийн факультетийн биофизикийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /2005-05-18. №88/.
1963 онд МУИС-ийг физикийн багш мэргэжлээр төгссөн. Физик-математикийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй, профессор цолтой. 1964 онд МУИС-д Биофизикийн лаборатори, 1979 онд Биофизикийн тэнхмийг үүсгэн байгуулснаар эх орондоо мэргэжилтэй биофизикчид бэлтгэх, суурь болон хавсралт судалгаа явуулах үндсийг тавьсан байна. Шавь нарынхаа хамт бакалавр, магистрант, докторантын сургалт явуулах төвшний ерөнхий биофизик, квант биофизик, компьютер программчиллын лабораториудыг шинээр байгуулан молекул биофизик, биоцахилгаан, фотобиологи, экологийн биофизик зэрэг хичээлүүдийн онол практикийг хослон явуулах лабораторийн ажил 30 гаруйг анх удаа боловсруулан сургалтад нэвтрүүлжээ. Биофизикийн мэргэжлийн сургалтын төлөвлөгөө, стандарт, хөтөлбөр, аргачлал 40 гаруйг боловсруулан МУИС, АУИС, УБИС, ХААИС-ийн сургалтад нэвтрүүлж, сурах бичиг, гарын авлага 10 гаруйг зохиож, 20 гаруй шинэ багаж төхөөрөмж, аргачлал боловсруулан, гурван шинэ бүтээл, 18 оновчтой саналын гэрчилгээ авчээ. 200-гаад биофизикчид бэлтгэсний дотор төрийн шагналт нэг, доктор, дэд доктор, магистр зэрэгтэй багш, эрдэмтэд 20 гаруй байна. Байгалийн болон анагаах ухаан, ХАА-н салбарын мэргэжлийн 10200 гаруй оюутанд мэргэжлийн хичээл зааж, эрдмийн зэрэг горилсон найман хүний ажлыг удирдан хамгаалуулж, 20 хүний бүтээлд шүүмж бичжээ. Эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээлээ нийтлүүлсэн байна. 2000 онд “Алтан гадас” одон болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.