|
ДОРЖ Дайчаагийн /1945/ Завхан аймгийн Баян-Уул сум. МУИС-ийн химийн факультетын декан байхдаа Гавъяат багш /2002-10-03.№136/ ЗХУ /хуучин нэрээр/-д Ленинград /Санкт-Петербург/-ын их сургуулийг 1967 онд химич мэргэжлээр төгссөн. БНМАУ, БНПАУ-ын зэс молибдены хүдэр, баяжмалд молибден, ренийг салган тодорхойлох оптималь арга боловсруулах судалгаа” сэдвээр 1978 онд химийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой. МУИС-д багш, декан, орлогч захирал, захирлаар олон жил ажилласан байна. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь үнэт ховор элементийн хими, биометаллурги, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн химийн сургалт, судлалын салбаруудыг хамаардаг бөгөөд энэ чиглэлийн их, дээд, дунд сургуулийн сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, арга зүйн болон сурталчилгааны өгүүлэл, тайлан олон арвыг туурвиж, нэлээдийг нь орос, англи хэлээр хэвлүүлсний дотор “Монгол Улсын дээд боловсрол” өгүүлэл нь дэлхийн дээд боловсролын лавлахад оржээ. 1990 онд улсын химийн олимпиадыг санаачлан зохион байгуулсан нь уламжлалт ажил болж хэвшсэн байна. МУИС-ийн номын сан дэлхийн хэмжээнд эрдэмтэн мэргэдэд үнэлэгдсэн олон мянган ном, сурах бичгээр фондоо баяжуулан багш, оюутнуудад ашиглуулж байна. Мөн сургуульдаа телевизийн студи, хэвлэх үйлдвэр байгуулж техник хэрэгслээр хангажээ. МУИС-ийн хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулж Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Тасис” “Темпус” болон олон улсын хэд хэдэн төсөл боловсруулж хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан байна. МУИС-ийг дэлхийн их сургуулиудын сүлжээнд хамруулан, гадаад харилцааг өргөжүүлснээр Бээжин, Хөх хот, Данкүүк, Сеншү, Манчестерийн зэрэг олон их сургуультай хамтран ажиллаж байна. Олон шавь нь их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад сургалт, судалгааны ажил гүйцэтгэж байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |