
/1951/ Говь-Алтай аймгийн Шарга сум. МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавъяат багш /2002-02-07.№13/
МУИС төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Хэлбичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Профессор. 1971 оноос МУИС-д багшилсаар ирлээ. 1980-аад оны сүүлчээс Монгол телевизээр үндэсний худам монгол бичгийн хичээл зааж, улмаар 1998 оноос “Сурлага” сонинд монгол болон сонгодог монгол бичгийн хэлний баялаг өвөөс хөрвүүлж, тайлбар хавсарган хэвлүүлж, 2001 оноос “Хүмүүн бичиг” сонинд “Монгол бичгийн сургалт, заах арга зүй, танин мэдэхүйн булан”-г хөтлөн явуулж олон түмэнд танил болсон байна. Сонгодог монгол бичиг, түвд хэл, сурвалж судалгааны хичээлийг оюутнуудад зааж, сурвалж судлалын чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэх, эх бичиг судлалын тэнхим, “Монгол судлалын хүрээлэн”-г МУИС-д санаачлан байгуулж, “Буддын соёлын судалгааны төв”-ийг үндэслэн буй болголцсон байна. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг соёлоо өсвөр, залуу үед сургаж өвлүүлэн, дээдлэх, түгээн дэлгэрүүлэхэд хөдөлмөр бүтээлээ зориулж байгаа эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч ажээ. Ерөнхий боловсролын сургуулийн монгол бичгийн сурахууд, толь бичиг, лавлах, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээ, заах аргын олон ном, товхимол, өгүүлэл туурвиж нийтлүүлсэн байна. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.