
1954/ Булган аймгийн Дашинчилэн сум. ТИС-ийн захирал байхдаа Гавъяат багш /2001-01-26.№09/
ЗХУ /хуучин нэрээр/-д Уралын политехникийн академийг 1978 онд төгсчээ. Тэр цагаас эхлэн их, дээд сургуульд багш, 1992 оноос ШУТИС-д захирлаар 2004 он хүртэл ажиллажээ. Их, дээд сургуулиудын консорциумыг санаачлан байгуулж, ерөнхийлөгчөөр нь сонгогдсоны гадна, Олон улсын боловсролын академийн сурвалжлагч гишүүн, Инженерийн ухааны үндэсний академийн дэд ерөнхийлөгчийн сонгуульт үүргүүдийг давхар гүйцэтгэж иржээ. Одоо олон улсын байгууллагад ажиллаж буй. “Удирдлагын автомат системийн зохион байгуулалтын бүтцийн төсөл зохиох алгоритмууд” сэдвээр 1989 онд техникийн ухааны дэд докторын, улмаар техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Техникийн их сургуулийг зах зээлийн харилцааны нөхцөл, дэлхийн шинжлэх ухааны, техникийн өнөөгийн хөгжлийн түвшинд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулж, ЮНЕСКО-гийн төсөл хэрэгжүүлж, сургалтын материаллаг баазаа арвижуулан бакалаврын шатны сургалтыг кредит системд шилжүүлж, лаборатори дээр үндэслэн явуулдаг, хөдөө орон нутагт 4 салбартай, өөртөө хэвлэх үйлдвэртэй, интернэтийн сүлжээнд бүрэн холбогдсон, дэлхийн их, дээд сургуулиудын холбооны гишүүн болгож, гадаад харилцааг өргөжүүлж 60 гаруй сургууль, байгууллагатай гэрээтэй ажилладаг болсон зэргээр их зүйлийг бүтээж амжуулж, магадлан итгэмжлэгдсэн, улсын нэр хүндтэй том сургууль болгосон байна. “Микрокомпьютер” сурах бичиг, “Америкийн дээд боловсрол” зэрэг 10 гаруй ном туурвиж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд удаа дараа илтгэл тавьж, судалгаа, сурталчилгааны олон арван өгүүлэл бичжээ. Америк, Английн намтар судлалын төвөөс эрхлэн гаргадаг лавлах номонд нэр нь 1996, 1997 онд оржээ. АНУ-ын Юта мужийн улсын коллежийн хүндэт профессороор өргөмжлөгджээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнагджээ.