|
ГОНЧИГ Дэндэвийн /1921-2001/. Төв аймгийн Сэргэлэн сум. ХААИС-ийн зөвлөх багш байхдаа Гавьяат багш /2000-08-29. №133/. МУИС-ийг 1953 онд төгсчээ. Зоотехникч мэргэжилтэй. ЗХУ-д /хуучин нэрээр/ Москва хотноо К.А.Тимирязевын нэрэмжит Хөдөө аж ахуйн академийн аспирантурт суралцаж, “Монгол үхэр, сарлаг, хайнагийн махны чанарыг харьцуулан судалсан нь” сэдвээр хөдөө аж ахуйн ухааны дэд докторын зэргийг 1953 онд, “БНМАУ-ын махны үхрийн аж ахуй” сэдвээр хөдөө аж ахуйн шинжлэх ухааны докторын зэргийг 1973 онд хамгаалж, 1964 онд Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүнээр, 1992 онд жинхэнэ гишүүнээр сонгогдсон байна. 1947-1949 онд МУИС-д багш, 1953-1954 онд Хөдөө аж ахуйн яаманд улсын ерөнхий зоотехникч, 1954-1956 онд Шинжлэх ухааны хүрээлэнд секторын эрхлэгч, 1956-1959 онд Намын дээд сургуульд тэнхмийн эрхлэгч, 1959-1961 онд Сангийн аж ахуйнуудыг удирдах газарт хэлтсийн дарга, 1961-1969 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд секторын эрхлэгч, орлогч захирал, 1969 оноос ХААДС-д декан, тэнхмийн эрхлэгч, багшаар ажиллаж байжээ. Монгол Улсад хөдөө аж ахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах үйл хэрэгт ухамсарт амьдралаа зориулсан ахмад сэхээтэн, нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч ажээ. Их, дээд сургуулийн сурах бичиг, эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвин хэвлүүлжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |