
/1927-1997/. Завхан аймгийн Алдархаан сум. МУҮИС-ийн багш байхдаа Гавьяат багш /1993-04-15. №61/.
1941-1944 онд Багшийн сургууль, 1956-1960 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн Сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургуульд суралцаж сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын багшийн мэргэжлээр төгссөн анхны боловсон хүчний нэг байжээ. 1944-1956 онд Улаанбаатар хот, Өвөрхангай, Хөвсгөл аймагт дунд сургуулийн багш, захирал, Аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга, 1960 оноос нас бартлаа МУИС-д Сэтгэл судлал-сурган хүмүүжүүлэх ухааны тэнхмийн багш, эрхлэгчээр ажиллаж, өсвөр, залуу үеийг сургаж хүмүүжүүлэхэд 50 гаруй жил хөдөлмөрлөсөн байна. “Тавдугаар ангийн сурагчид тоо бодлогын хичээлд муу сурч буй шалтгаан түүнийг арилгах арга зам” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэргийг 1968 онд хамгаалжээ. 1972 онд дэд профессор цол хүртсэн байна. Хүүхэд, залуучуудын хүмүүжил, боловсрол, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны асуудлаар 20 гаруй ном, судалгаа шинжилгээний 50 орчим өгүүлэл бичиж, 10 илүү номыг хянан тохиолдуулж хэвлүүлсэн нь багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эх, ер хүн бүрийн хэрэгцээт бүтээл болжээ. Бүх шатны боловсролын тогтолцооны агуулга, арга зүйг сайжруулах, багш нарын сурган хүмүүжүүлэх мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хүүхэд, залуучуудыг бүх талаар хөгжүүлж төлөвшүүлэх, манай оронд сурган хүмүүжүүлэх ухааныг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, ахмад багш, нэрт сурган хүмүүжүүлэгч байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.