
/1949/. Сүхбаатар аймгийн Онгон сум. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 10 жилийн дунд сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1991-10-29. №228/. Эмэгтэй.
УБДС төгсчээ. Газар зүйн багш мэргэжилтэй. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 10 жилийн дунд сургуульд олон жил багшилж байгалийн музей, газар зүйн кабинет, хээрийн ургамал тариалах туршилтын талбай зэрэг олон зүйл санаачлан бүтээж, сурагчдын дунд цэцэрлэгчдийн клуб, өсвөрийн газар зүйчдийн дугуйлан хичээллүүлж, газар зүйн сургалтын иж бүрэн цогцолбор бааз байгуулан, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудыг цэцгийн үрээр хангаж, сурагчдад байгаль, экологийн гүн бат мэдлэг олгосон туршлагатай багш ажээ. “Олон үйл ажиллагаатай бөмбөрцөг”, “Нарны мандалтын өнцөг” зэрэг хэд хэдэн ШБОС гаргаж гэрчилгээ авчээ. 1990 онд “Манай эх орон-БНМАУ” сэдэвт теле уралдаанд баг сурагчид нь улсад II байр эзэлсэн байна. Заадаг хичээлээрээ 1981-1990 онд сурлагын 100 хувийн амжилт үзүүлж, чанарын түвшинг 66,4 хувьд хүргэсэн байна. Улсын анхны 12 бүтээлч багшийн нэг бөгөөд Ардын Их хурлын депутатаар сонгогдож байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.