
/1930-1991/. Завхан аймгийн Жавхлант сум. АУДэС-ийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1989-06-05. №93/, төрийн шагналт /1990/.
Багадаа өнчирч нагац эгчийнхээ асрамж хамгаалалд өссөн энэ хүн 15 настайдаа МУИС-ийн бэлтгэл ангид орж, 1947-1952 онд уг сургуулийн анагаах ухааны ангид суралцан хүний их эмч мэргэжлээр төгсчээ. Их сургуулийн III ангийн оюутан байхдаа удаах ангиудад анатомийн хичээл заасан тэрбээр төгсөөд сургуульдаа багшаар үлдэж мэс заслын хичээл зааж байгаад АУДС байгуулагдсан 1960 оноос нас бартлаа уг сургуульд багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллажээ. Монголын эмч нарын нийгэмлэгийн дарга, ЭХЯ-ны гадаад харилцааны асуудал хариуцсан референт, АУДС-ийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх факультетийн деканаар хавсран ажиллаж байжээ. “Ходоод тайрахад нойр булчирхайн шүүдэс өөрчлөгдөх нь “ сэдвээр 1960 онд анагаах ухааны дэд доктор, “Өрцөн дор байрласан элэгний бэтгийг оношлох, эмчлэх нь” сэдвээр 1979 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Шохойжсон бэтгийг хуулж авах болон ходоод гэдэс, нойр булчирхайн нарийн төвөгтэй зарим мэс заслыг Монголд анх хийж, зүрх сэтгүүрдэх, хэвлийг дурандах, хэт авиа оношлогооны аргуудыг эмнэлгийн практикт анх нэвтрүүлсэн байна. Бэтэг судлах, эмчлэх бүхэл бүтэн сургууль бий болгох, оношлох, эмчлэх арга барил бүхий үндэсний боловсон хүчинтэй болох эх суурийг тавьсан эмч, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн байжээ. “Элэг цөсний өвчнийг оношлож, мэс заслын аргаар эмчлэх асуудлыг хам шийдсэн нь” бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн байна. “Ходоод тайрах хагалгааны үед нойр булчирхайны ажиллагаа” нэг сэдэвт зохиол зэрэг эрдэм шинжилгээний 100 гаруй ном бүтээл туурвин бичиж, сургалт, оношлогоо, эмчилгээний 20-иод шинэ бүтээл, оновчтой санал, 150 гаруй тэргүүн туршлага гаргажээ. Эмнэлгийн дээд мэргэжлийн олон мянган боловсон хүчнийг сургаж бэлтгэлцсэний дээр олон хүний эрдмийн ажлыг удирдаж зэргийг нь хамгаалуулсан байна. Улсын клиникийн төв эмнэлгийн мэс заслын тасгийг түүний нэрэмжит болгожээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.