
/1932-2000/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум. Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1981-06-26. №190/.
Улаанбаатар хотод Багшийн сургуулийг 1950 онд, МУИС-ийг 1954 онд төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Их сургууль төгссөнөөсөө хойш Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуульд 1997 он хүртэл тасралтгүй ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. Тайлбартай дасгал, нэгдмэл хичээлийг үзүүлэн материалтай нягт холбож цогцолбор сургалтын аргыг бий болгосон арга ажиллагаа нь ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлбэл зохих тэргүүн туршлага болж олон багш үйл ажиллагаандаа хэрэглэж үр дүнд хүрчээ. Сургуульдаа байгуулсан монгол хэл бичгийн кабинет нь номын сангаас дутахгүй арвин баялаг сан хөмрөгтэй болжээ. Гавьяат багш алдар цол хүртэх хүртэлх хугацаанд заасан хичээлээрээ 26 жил, даасан ангиа 25 жил дараалан 100 хувийн амжилттай сургаж, даасан анги нь монгол хэлний олимпиадад аймагтаа жил бүр нэг, улсад гурван удаа IV, нэг удаа V байр эзэлж, нэг ч сурагч анги улираагүй, завсардаагүй, гэмт хэрэг, хэв журмын зөрчилгүй явж иржээ. Ардын Их хурлын депатутаар сонгогдож, МАХН-ын XVI, XVIII, Монголын багш нарын IV их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.