|
ЦООДОЛ Дөнгөтийн /1944/. Төв аймгийн Бүрэн сум. Яруу найрагч, сэтгүүлч, орчуулагч тэрбээр Соёлын гавьяат зүтгэлтэн /2005-06-23.№176/. Дээд боловсролтой, сэтгүүлч, зохиолч мэргэжилтэй. 1962-1966, 1968-1972 онуудад Төв аймгийн ХЗЭ-ийн хороо, “Анхдугаар таван жил” сонинд ажиллаж байгаад 1976-1981 онд МАХН-ын Төв хороонд зааварлагчаар, 1983-1990 онд МЗХ-нд зохиолч, зөвлөлийн эрхлэгчээр, 1990-1996 онд “Ардын эрх” сонинд албаны даргаар, 1996-2001 онд “Монголын уран зохиол” хэвлэлийн газарт редактораар, 2001 оноос “Өнөөдөр” сонинд утга зохиолын ажилтнаар ажиллаж байсан. 1960-аад оны үеийнхэнтэй уран зохиолд орж ирсэн тэрбээр “Нутгийн зургаан өнгө” (1970) анхны шүлгийн түүврээрээ уншигчдын анхаарлыг татжээ. 29 дууль туурвисан бөгөөд эдгээр нь бие даасан шинэлэг бүтээл болж энэ төрөлд одоо хэр түүнтэй эн тэнцэх бүтээл гараагүй гэж үздэг байна. Найраглалын төрөлд хүч сорьж “Цэвцгэр хурдан шарга”, “Гуталчин” зэрэг бүтээл туурвисан нь уран сайхны ихээхэн үнэ цэнтэй ажээ. Яруу найрагчаас гадна ном бүтээх, сэтгүүл зүйн төрөлд үлгэр үзүүлжээ. “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийн суурийг тавилцан одоо хүртэл хүчин зүтгэж буй. Яруу найргийн орчуулагчийн хувьд оросын болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс орчуулсаар байна. Түрүү үеийн бүтээлээрээ 1996 онд Төрийн шагнал хүртэж, “Болор цом” наадмын тэргүүн шагналыг гурвантаа хүртсэнээрээ зөвхөн Бавуугийн Лхагвасүрэнтэй эн зэрэгцэх ажээ. Мөн 1995 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1989 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |