|
ДАШДОНДОВ Цэрэндоржийн /1936/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум. Сэтгүүлч. Соёлын гавьяат зүтгэлтэн /2003-09-03.№164/. Улаанбаатарт хүн эмнэлгийн техникум. Намын дээд сургуулийн сэтгүүлчийн анги төгсчээ. Хүний бага эмч, сэтгүүлч мэргэжилтэй. Эрүүл мэндийн байгууллага, 1972 оноос “Үнэн” сонины газарт утга зохиолын ажилтан, “Пионерийн үнэн” сонины эрхлэгч, хүүхдийн сонин, сэтгүүлийн нэгдсэн редакцийн хариуцлагатай эрхлэгч, МСХ-ны хороонд ажилтан, Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч зэрэг алба ажлыг хашиж иржээ. “Баярын тухай гунигтай бодол”, “Дээд комиссын доод ажил”, “Чөлөөт хэвлэл хэдийчинээ хөгжинө, нийгэм төдийчинээ эрүүл байна”, “Сэтгүүлчийн толгой эргэвэл сонгогчийн толгой бас эргэнэ” гэх мэт нийгмийн эмзэг, тулгамдсан асуудлыг хөндсөн олон тооны өгүүлэл, эргэцүүлэл, тэмдэглэл, нийтлэл бичиж, “Үзгэн шилбүүр барьж, үгийн сүрэг гилж, утгын таяг тулж туулсан он жилүүдийн ойллого” хэмээх ном хэвлүүлсний дээр нийгэм, улс төр, зан үйл, сэтгүүл зүйн чиглэлээр хэд хэдэн ном туурвин нийтийн хүртээл болгосон байна. Ардчилал, шинэчлэл, нийгмийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө санаа тавьж тууштай бүтээж, туурвиж, Монгол Улсад чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан зүтгэлтэн. Мөн орос, англи зэрэг хэлийг шаргуу сурч, эзэмшиж, тэр сурснаа бусдад сургахаар хичээнгүйлж орос, англи, монгол, латин хэлний олон толь бичиг зохиож хэвлүүлсэн толь зүйч ажээ. ШУА-ийн хэл, зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор цол хүртэж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгогджээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |