|
БААСТ Бөхийн БААСТ Бөхийн /1921/. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум. Ахмад зохиолч. Соёлын гавьяат зүтгэлтэн /1999-01-07.№02/. Ардын хувьсгалтай нас чацуу энэ зохиолч бага наснаасаа сургууль, соёлын мөр хөөж МУИС-ийн мал эмнэлгийн ангид суралцаж, Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх хоёр жилийн дамжааг дүүргэжээ. МХЗЭ-ийн Төв хорооны хэвлэлд утга зохиолын ажилтан, МЗЭ-ийн хороонд янз бүрийн ажил хийж байжээ. Орос, казак хэлийг сайн сурсан нь уран чадвараа нэмэгдүүлэхэд тус болсон байна. 1936 оноос уран бүтээлээ эхэлж, 1940-өөд онд “Чамайг үдье”, “Хургачин” зэрэг нийтэд түгсэн дууны шүлэг мэтчилэн яруу найргийн олон бүтээл, “Ийм нэгэн хаан байжээ”, “Мандухай цэцэн хатан”, “Цогийн идэр нас”, “Арвижихын гэр бүл”, “Хань нөхөд” зэрэг жүжгийн зохиолыг Ц.Цэдэнжавтай хамтран зохиож улсын төв театрын тайзнаа тоглуулж, 1950-иад оноос үргэлжилсэн үгээр зонхилон туурвиж хүүхдэд зориулсан “Гурван ишиг”, “Халзан бухандай”, “Бороо”, “Утаа”, шүлэг найраглалын “Толбо нуур”, туужийн “Цогт” зэрэг олон ном хэвлүүлсэн байна. “Гэнэн хонгор цаг”, “Хүрлээ”, “Дарьсүрэн” туужаараа энэ төрөлд гаршиж байгаагаа харуулж, байгаль хамгаалах сэдвээр бичсэн “Хангайн Бор”, “Бэлтрэг Дорж”, “Хөвчийн Бор”,” Элдэв учрал” тууж нь Монголын уран зохиолын 1970-аад оны туужийн төрөл зүйлд шинэлэг өнгө аясыг оруулж ирсэн байна. Дээр дурдсанаас гадна “Чоно”, “Алтайн жимээр”, “Хөөрхөн Байдий”, “Алтайн цэцэг”, “Хяруу унасан цагаар”, “Бушуу туулай”, “Хүний сайхан сэтгэл”, “Одтой тэнгэрийн дор”, “Алтайн хоёр өнгө”, “Алтан хурга”, “Хунгийн дууль”, “Алтайн хөх дөнөн”, “Намрын уянга” зэрэг 50-иад ном хэвлүүлсэн байна. Монгол Улсын казак зохиолчдын бүтээлийг монгол хэлнээ орчуулахад үлэмжхэн цагаа зориулсан уран бүтээлч ажээ. Мөн захидал бичгийн төрөл зүйлд анхаарал хандуулж, МЗЭ-ээс эрхлэн хэвлүүлсэн “Монголын уран зохиолын дээжис” 108 ботид “Цаасан шувуу” хэмээх захидлын хоёр ботийг цэгцлэн хэвлүүлсэн байна. Шилдэг бүтээлүүдээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит болон МХЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |