|
ТҮМЭН-ӨЛЗИЙ Зандраагийн /1944/. Завхан аймгийн Нөмрөг сум. Зохион бүтээгч. Соёлын гавьяат зүтгэлтэн /1998-02-24.№10/. Улаанбаатарт Эдийн засгийн дээд сургуулийг 1965 онд, Намын дээд сургуулийг 1979 онд, Зөвлөлт-Монголын хамтарсан эдийн засгийн ардын их сургуулийг 1989 онд төгсчээ. Ня-бо эдийн засагч мэргэжилтэй. Завхан аймгийн Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинат, Улаанбаатар хотын мебелийн үйлдвэрт санхүүгийн ажилтан, эдийн засагч, “Мо Тү Өв” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Оньсон наадгайн хязгааргүй олон хувилбар, огтлолцол, хөдөлгөөн, оньсгол, угсралт, эргүүлэг бүхий оюун ухаан сорих “Жаран эвсэл”, “Эргүүлэг”, “Бэрх”, “Оньсон шоо” гэсэн таван шинэ бүтээл, үртсийн зуух, одон цэцэг, эвхдэг ширээ, сандал гэх мэт оновчтой санал, 300-гаад бүтээгдэхүүний загварт хамаарах 3000-гаад зүйл зохион бүтээж, 5000-гаад хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг зурж, патент авсан байна. Монгол шатрын судалгаа хийж 300 гаруй шатар урласан бөгөөд 5-10 мм-т багтах хамгийн бага, 7,6 мм хөлөгтэй үнэт чулуу, алт, мөнгөөр урласан шатрууд хийж, мөн оньст шатар, оньсон хүүхэлдэй урласан нь олон улсад анхдагч болсон байна. Дэлхийн 52 оронд зохиогдсон 80 шахам үзэсгэлэн яармагт оролцож, бүтээлүүд нь дэлхийн улс орнуудын тоглоом наадгайн каталогид байнга нийтлэгдэж, олон улсын оньслох ухааны академиас баримтат кино хийсэн зэргээр Монголчуудын оньслох ухааны онцгой чадамжийг олон улсын хэмжээнд сурталчилж, өвөг дээдсээс уламжлагдсан их өв санг сэргээн хойч үед өвлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан өвөрмөц авьяастан, шинийг санаачлагч, соёлын зүтгэлтэн ажээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |