|
БАДАМСЭРЭЭЖИД Цэрэннадмидын /1925/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум. Үндэсний бөхийн тайлбарлагч. Соёлын гавьяат зүтгэлтэн /1997-06-10. №115/. 20 нас хүртлээ орон нутагтаа мал маллаж байгаад 1950 онд цэргийн албанд нас бие тэнцэн хилийн цэрэгт 33 жил ажиллаад 1988 онд насны тэтгэвэрт гарчээ. 1956 оны улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг тайлбарласнаас хойш бөхийн тайлбарлагчаар 35 жил ажиллахдаа хүчит бөхчүүдийн барилдааныг нүдэнд харагдаж, сэтгэлд дүрслэгдтэл уран яруу тайлбарлаж бөхийн спортыг сурталчлах, хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж олны талархал хүлээсэн байна. Өөрөө 1947 оноос эхлэн барилдаж 1950 онд улсын их баяр наадамд долоо давж начныг алгасч улсын заан цол авсан, улсын их баяр наадамд хоёр удаа үзүүрлэж, 9 удаа их шөвөгт үлдсэн, солгой өрөлттэй, солгой далавчилж гуядах, хутгах, тонгорох, сээрэн дунгуй хийх зэргээр уран мэхийг угсруулан хийдэг улсын хурц арслан цолтой алдарт бөх, хөнгөн, хүнд атлетик, хөл бөмбөг, гар бөмбөгөөр хичээллэдэг тал бүрийн авьяастай тамирчин ажээ. 1955 оноос ЗХУ, Германд болсон цэргийн 3 төрөлтийн тэмцээнд оролцож, Чехословак улсад улсын начин Ж.Авхиа /гавьяат хуульч/-тай хамт үндэсний бөхийн спортыг сурталчилсан үзүүлэх барилдаан хийж, ӨМӨЗО-ны 10 жилийн ойгоор улсын арслан, “Дэрэн бор” хэмээн алдаршсан Самданжигмэдтэй хамт очиж барилдаж тэргүүн байр эзэлж байжээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |