|
НИНА Цэдэвсүрэнгийн /1942-1995/. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум. Улсын гэрэл зургийн газрын фото сурвалжлагч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1995-09-07.№177/. Эмэгтэй. Монголын гэрэл зурагчдын ам бүлд 1963 оноос орж бүтээл туурвилаа эхэлсэн энэ эмэгтэй жолоочийн сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн бөгөөд 1960 оноос Барилга хөдөлмөрийн сургуульд бичиг хэргийн эрхлэгчээр орж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Улсын гэрэл зургийн газарт бичиг хэргийн эрхлэгч, фондчин, гэрэл зургийн сурвалжлагч зэрэг ажлыг нас бартлаа хийсэн байна. Гэрэл зургийн сурвалжлагчаар 32 жил ажиллахдаа Монгол Улсынхаа дүр төрхийг дотоод, гадаадад таниулан сурталчлах, Монголын гэрэл зургийн салбарт мэдээлэл, уран сайхны төрлүүдийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулжээ. 1970-1990 онд гадаад улсуудад хийсэн төр, засгийн удирдлагын дээд хэмжээний айлчлалууд, ЗХУ, Болгар, БНАСАУ, Хятад, Герман, Польшид болсон Монголын соёлын өдрүүд, оюутан залуучуудын их наадам, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэг зэрэг олон улсын үйл явдлыг сурвалжилж, Монгол орны түүхт үйл явдлууд болон цаг үеийн чухал үйл ажиллагааг харуулсан олон мянган гэрэл зургаар улсын сан, архивыг баяжуулсан байна. Гадаад, дотоодын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, 1985, 1987 онд өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасны гадна “Хөвсгөл”, “Улаанбаатар”, “Өндөр гэгээн Занабазар” зэрэг зурагт номуудыг бүтээсэн нь үзэгч, уншигчдад өндөр үнэлэгдсэн байна. Олон улсын “Интерпрессфото-81” уралдааны хүрэл медаль, ЮНЕСКО-гийн Соёлын сангаас зарласан уралдаанд гурван удаа шагналт байр, Олон улсын Улаан загалмай, Хавирган сар нийгэмлэгийн нэрэмжит уралдаанд тэргүүн байр, Японы Сасакавагийн сангийн уралдаанд гуравдугаар байр тус тус эзэлж Монголын гэрэл зурагчдын нэрийг олон улсын тавцанд гаргаж байжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |