|
БАДРАА Жамцын /1926-1993/. Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сум. Монголын урлагийн ажилтны холбооны зөвлөлийн эрхлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1990-11-01. №18/. Улаанбаатарт Багшийн сургууль, 1950 онд МУИС төгсч, Энэтхэг улсад хэлний мэргэжил дээшлүүлжээ. 1950 оноос Хөвсгөл аймгийн төвийн дунд сургуульд багш, хэвлэл мэдээлэл, урлаг соёлын газруудад ажиллаж, Урлагийн ажилтны холбооны хорооны зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байжээ. 1959 оноос уран бүтээлээ эхэлж дууны яруу найраг, уран зохиолын орчуулгаар бусдаас ялгаран тодорсон байна. 1960-1970-аад оны уянгын болон эх орны дуу гэхэд түүний нэр хамгийн түрүүнд дурдагдаж, Энэтхэгийн суут зохиолч Галидасын “Шагундала”, Рабиндранаат Таагүүрийн Нобелийн шагнал хүртсэн “Өргөлийн дуулал”, Оросын их зохиолч А.С.Пушкины “Евгений Онегин” дуурийн цомнол гэхэд мөн л хэнээс ч өмнө түүний нэр ялгарч, “Ингэн эгшиг”, “Хөөмий”, “Дэмбээ” гэх мэт ардын язгуур урлагийн шилдэг бүтээлийг олны хүртээл болгосон хүмүүсийн эхэнд мөн л түүний нэр дурайж байдаг байжээ. 400 орчим дууны шүлэг зохиож, “Уяхан хорвоон хань”, “Чандмань эрдэнэ” яруу найргийн ном хэвлүүлж, “Сүнжидмаа”, “Цагаан сар ба хар нулимс” зэрэг дуурийн цомнол зохиож тоглуулжээ. “Халуун элгэн нутаг” /аяыг ардын жүжигчин Ц.Намсрайжав хийсэн/ дуу нь бүх л монгол угсаатнууд уулзахдаа нэг дуулдаг, мордоод алс явахдаа уярч бас нэг дуулдаг халуун сэтгэлийн уянга болж, эх орны нийслэлийн төвд хөшөө болоод байна. Манай анхны ууган симфони Л.Мөрдоржийн “Монголын сайхан орон”-д судалгаа хийж симфони хөгжмийн төвшин, Монгол ардын хөгжмийн төрөл зүйл, хэлбэр бүтцийн судалгаа хийж, уртын дуу, хөөмий зэргийг сонгодог төрөл гэдгийг онолын үүднээс нотолж, “Монгол ардын хөгжим судалгааны ном” туурвин хэвлүүлсний дээр “Хөгжмийн нэр томъёоны толь” зохиож хэвлүүлсэн хөгжим судлаач байв. Ардын дуу хөгжим, бүжгийн “Хуурын магнай”, “Эртний сайхан” чуулгыг санаачлан байгуулсан байна. Монголын шинэхэн үеийн уран зохиолын дууны яруу найргийн нэрт төлөөлөгч, яруу найрагч, уран зохиолын орчуулагч, ардын урлаг судлаач, соён гэгээрүүлэгч байжээ. 1951 онд Ардын Их хурлын депутатаар сонгогджээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |