|
ДОРЖСҮРЭН Содовын /1925/. Төв аймгийн Угтаал сум. Улсын драмын академик театрын тайзны машинч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1981-11-04. №388/. 1940 онд 15 настайдаа Улсын төв театрт зарлагаар орон хөдөлмөрийн гараагаа эхэлж 1941 оноос театрынхаа баримлын ажилд оролцож, 1942 оноос тайзны засалч, улмаар тайзны машинч, эрхлэгч зэрэг ажлыг 40 гаруй жил хийгээд 1986 онд насны тэтгэвэрт гарчээ. Анх Гольдины “Хоёр эзний ганц зарц” жүжгийн тайзыг засалцсанаас хойш “Гайхамшигт лимбэ”, “Залуу эх Замбага”, “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Далан худалч”, “Кавказын цэрдэн тойрог”, “Эхийн тал” гэх мэтээр 140 гаруй уран бүтээлийн тайз заслыг хийсэн ажээ. Дөрвөн цаг тоглодог “Отелло”-гийн тайзыг найман цаг засдаг, “Гамлет”-ын 42 баганын 42 дахийг л олж босгохгүй бол бусад нь босдоггүй зэрэг нарийн, нүсэр ажиллагаатай тайзуудыг засч байжээ. Театрын тайзны өвөрмөц онцлог, механизмыг бүрэн эзэмшиж, тайзнаа тавигдсан аливаа жүжгийн чимэглэлийн уран сайхны нэгдлийг хэвээр хадгалах, түүнийг тухайн жүжгийн гол бүрэлдэхүүн хэсэг байлгахад ямагт хариуцлагатай бүтээлчээр хандаж, жүжгийн чимэглэлийг угсрах дарааллын систем боловсруулан мөрдсөнөөр уран бүтээлүүдийг уран сайхны өндөр түвшинд байх боломжийг хангаж байжээ. Хөдөлмөрийн хүндэт медалиар гурван удаа, Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |