|
ТАЯА Авирмэдийн /1926/. Увс аймгийн Түргэн сум. Улсын драмын академик театрын дарга байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1981-11-04. №388/. Улаанбаатарт Санхүүгийн сургууль төгссөн, ня-бо мэргэжилтэй. 1949 оноос Эстрад концертын товчоонд ня-бо, 1951 оноос Урлагийн хэрэг эрхлэх хороо, Соёлын яаманд ерөнхий ня-бо, 1959 оноос Улсын хөгжимт драматик театрын даргаар ажиллажээ. Соёлын байгууллагуудыг төлөвлөгөөжүүлэх, материаллаг баазыг нь бэхжүүлэх, ХБДС, УБДС-д кино драмын анги нээх, БНБАУ-д дуурийн, ЗХУ-д театр урлагийн чиглэлээр хүн явуулж сургах зэргээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг боловсруулан шийдвэрлүүлэхэд идэвхтэй оролцсон байна. Театрын үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгож уран бүтээлчдийн мэргэжил, соёл, гоо зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлснээр удирдсан театр нь системдээ болон улсад удаа дараа 1-3 дугаар байр эзэлж байжээ. Тус театрын урын санд түүх хувьсгал, цэрэг, эх орны болон орчин үеийн сэдэвтэй бүтээлүүдийг өргөжүүлэх, сонгодог урлагийг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг хэтийн төлөвлөгөөтэй хөтлөн явуулж, бүтээлүүд нь үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ. Олон аймгийн соёл, урлагийн 10 хоногийг Улаанбаатар хотод явуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлсний дээр драмын урлагийг хөгжүүлэхийн тулд Төв, Өвөрхангай аймаг, Налайх, Ардын армийн ангиудад сайн дурын театр байгуулахад тусалж, хөдөлмөрчдийн соёл, гоо зүйн түвшинг дээшлүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан удирдах ажилтан ажээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |