|
ДАГВАЖАМЦ Пагамын /1933/. Улаанбаатар хот. Улаанбаатар хотын Багшийн сургуулийн багш байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1979-12-27. №391/. УАДБЧ-д хөгжимчин, хөгжмийн ерөнхий удирдаач, Багшийн сургуульд багш, Соёл гэгээрлийн дунд сургуульд хөгжмийн салбарын эрхлэгчээр тасралтгүй 50 гаруй жил ажиллаад насны тэтгэвэрт гарсны дараа үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгыг байгуулалцаж, МҮЭ-ийн соёлын төв ордны “Хөгжмийн эгшиглэн” хамтлагийн ахлагч, уран сайхны удирдагч, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжмийн багшаар нэлээд хэдэн жил ажиллажээ. УАДБЧ-д удирдаач байхдаа холимог найрал хөгжмийг нь их бүрээ, бишгүүр, эвэр бүрээ, дуударам зэрэг хөгжмийн зэмсгүүдээр баяжуулан үндэсний найрал хөгжим болгож өргөтгөсөн байна. Энэ үеэсээ эхлэн ДЗО-ны V, VI, VIII, IX их наадамд оролцож, Африкийн орнуудад Бизегийн “Кармен” дуурийн оршлоос эхлээд дан хөгжмийн чуулга, ардын дууны найруулга, шанз, ёочингийн хоршил, бишгүүр, дуудармын гоцлолыг удирдан тоглуулж, монгол үндэсний хөгжмийн урлагийг сурталчилсан байна. “Говийн дуу”, “Хангайн дуу”, “Алтайн дуу” сэдэвчилсэн концертын хөгжмийг удирдаж, нэгдэлжсэний 20 жил, МБАТ-ний урлагийн таван удаагийн их наадмын концерт, оюутан сурагчдын болон Монголын пионерийн байгууллагын 40, 50, 60 жилийн ойн концертыг найруулжээ. “Хувьсгалын тухай удиртгал”, “Соёлын туяа”, “Багшийн магтуу” зэрэг дан хөгжмийн зохиол, “Залуу нөхөд минь сонсоорой”, “Дассан сэтгэл” гэх мэт уянгын 60 гаруй дуу зохиосон байна. МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, ДЗО-ны их наадмуудын алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |