|
ДАМДИНСҮРЭН Даржаагийн /1918/. Говь-Алтай аймгийн Тонхил сум. Кино үзвэрийн хэрэг эрхлэх газрын кино техникч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1977-11-16. №213/. 1939 онд Улаанбаатар хотод “Ард” кинотеатрт суудал олгогч, билет шалгагч, зарлал наагчаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Энэ ажлынхаа зав чөлөөгөөр кино механикч Л.Жамц /СГЗ/-ыг дагалдаж кино механикчийн хоёрдугаар зэрэгтэй болсон цагаас хойш энэ ажлыг дагнажээ. 1940 оноос Намын Төв хорооны суртал ухуулгын бригадад 30-аад удаа оролцож хөдөө орон нутгаар аялан кино гаргаж ухуулга таниулга хийж явсан байна. ЗХУ-аас 1950-иад оны эхээр ЗХУ-тай соёлоор харилцах Монголын нийгэмлэг /МОКС/-т кино гаргах иж бүрэн хэрэгсэлтэй автобус бэлэглэсний анхны механикчаар ажиллажээ. 1940-1950 онд төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж Улсын ударник болжээ. V таван жилийн төлөвлөгөөг нэг жил нэг сард, VI таван жилийн төлөвлөгөөг 3 жил 6 сард биелүүлжээ. “Ард” кинотеатр 1940 онд шинээр тавьсан “КЗС-22” гэдэг хос суурин аппаратыг 22 жил ашиглаад 1962 онд “КНТ-1”, “КНТ-2”, “КНТ-3” аппаратаар сольж угсрах ажлыг гардан хийлцжээ. Нүүдлийн дэлгэц санаачлан дэлгэрүүлсний гадна киноны актлагдсан 14 мотор, 18 аппаратыг засварлаж ашигласнаар улсад ихээхэн хэмнэлт оруулсан байна. Ажил мэргэжилдээ 50 гаруй хүнийг дагалдуулан сургажээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус бүр хоёр удаа шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |