|
ЦЭВЭЛ Ламжавын /1930-1997/. Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сум. Улсын төв музейн чихмэлийн мастер байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1974-12-23.№350/. Эмэгтэй. Орон нутагтаа мал маллаж байгаад 1950 онд Улаанбаатар хотод шилжин суурьшиж Шинжлэх ухааны хүрээлэнгийн музейн лабораторид чихмэлчний туслах болж, 1956 оноос Улсын төв музейн чихмэлчин, чихмэлийн мастераар ажиллахдаа ЗХУ-ын /хуучин нэрээр/ амьтан судлалын музейд хагас жилийн дадлага хийж мэргэжлээ дээшлүүлсэн байна. 1992 онд насны тэтгэвэрт гарчээ. Улсын төв музей, аймгуудын музейн байгалийн тасагт байгаа 130 гаруй том амьтан, 1500 гаруй шувуу, олон зүйл шавьж, загас, хоёр нутагтны чихмэл, хатаамлыг хийж, Монгол Улсад музей хөгжүүлэх, дотоод, гадаадын үзэгчдэд байгалийн үнэт баялаг, амьтны ертөнцийг танин мэдүүлэхэд хөдөлмөр, бүтээлээ зориулсан уран бүтээлч байжээ. Түүний бүтээсэн аргаль, янгирын чихмэлүүд дэлхийн ан амьтны үзэсгэлэнгээс удаа дараа алтан медалиар шагнагдсан байна. МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцож, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |