|
ЭРДЭНЭЭ Сандуйн /1911-1984/. Говь-Алтай аймгийн Тайшир сум. “Монгол кино” үйлдвэрийн группийн дарга байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/. Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч тал бичээч, сумын ХЗЭ-ийн үүрийн дарга зэрэг ажлыг орон нутагтаа хийж байгаад 1930 онд Улаанбаатар хотод ирж кино механикчийн дамжаанд суралцаж төгсөөд 1935 он хүртэл Завхан, Говь-Алтай аймагт кино механикчаар ажилласан байна. 1935 оноос Монголын кино урлаг үүсч хөгжихөд хүчин зүтгэж “Монгол кино” үйлдвэрт лаборант, лабораторийн эрхлэгч, зургийн дарга, хөдөлмөр хамгааллын инженер зэрэг ажлыг 50 гаруй жил хийжээ. Кино үйлдвэр 1952 онд ЗХУ-аас киноны зургийн хальс боловсруулах машин авсан бөгөөд үүнээс өмнөх хугацааны 20-иод жилд хальсыг гараар боловсруулж байжээ. Шинэ техник хэрэгслүүдийг чадамгай эзэмшин ажиллуулж, “Монгол кино” үйлдвэрийг бэхжүүлэх, киноны үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд болон “Цогт тайж”, “Сэрэлт”, “Түмний нэг”, “Талын цуурай”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Өглөө”, “Цэргийн хүү” зэрэг уран сайхны олон киног бүтээхэд зургийн даргаар идэвх зүтгэлтэй оролцсон байна. “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |