|
ДАРАВГАР Ун-Аагийн /1915-1976/. Увс аймгийн Зүүнхангай сум. Агаарын харилцааны газрын онгоцны дарга байхдаа Гавьяат нисгэгч /1965-05-24. №115/. Ядуу эмэгтэйн энэ хүү амьдрахын эрхээр бусдад зарцлагдаж явсаар 1936 онд цэргийн албанд татагдаж ирснээс эхлэн 1971 он хүртэл 35 жил Ардын цэргийн нисэх хүчин, Улсын иргэний агаарын тээврийн албанд тасралтгүй алба хаахдаа багш нисгэгч, хэсэг, эскадриль, онгоцны даргаар ажиллаж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд дайрагч онгоцоор байлдааны үүрэг гүйцэтгэж эх орноо харийн дайснаас хамгаалах үйл хэрэгт идэвхтэй оролцож, нисэх албаны олон залуу мэргэжилтнийг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан манай ахмад нисгэгчдийн нэг байжээ. “АН-2”, “ЯК-12” гэх мэтийн 9 төрлийн онгоцоор 2 сая км агаарын замд 10 мянга гаруй цаг нисчээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XIV их хуралд төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, гурван удаа “Алтан гадас” одон, Цэргийн болон бусад медалиуд, ЗХУ-ын Улаан таван хошуу одонгоор шагнагджээ. Гавьяат нисгэгч Д.Пүрэвдоржийн аав. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |