|
МОТОО Балдангийн /1909-нас барсан/. Оросын Буриадын Хорийн аймагт төрсөн. Улаанбаатар хотын харьяат. Гавьяат барилгачин /1969-02-07. №34/. ЗХУ-д /хуучин нэрээр/ 1925 оноос Ленинградын худалдааны сургуулийн бэлтгэл анги, улмаар Хөдөө аж ахуйн институтийн рабфакт, 1931-1936 онд Москвагийн инженер, эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгсчээ. Монгол Улсын барилгын ууган инженер. 1936 оноос манай улсын барилгын материалын ууган үйлдвэр боловч ашиглалгүй орхигдоод хэдэн жил болсон Улаанбаатар хотын тоосгон заводыг сэргээн засварлаж ашиглалтад оруулах ажлаар хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1938 онд улсын барилга трест анх байгуулагдахад үйлдвэр, төлөвлөгөөний хэлтсийн дарга бөгөөд инженер, 1945 онд Улсын төлөвлөгөөний газрын дэргэд барилгын зураг төсвийн контор байгуулагдахад инженер, дарга, 1951 оноос Барилгын хэрэг эрхлэх газрын ерөнхий инженер, хэлтсийн дарга, Улсын барилгын зөвлөлд орлогч дарга зэрэг ажлыг 1971 он хүртэл хийгээд насны тэтгэвэрт гарсан байна. Барилгын зураг төсөл зохиох, мастер, аравны дарга нарыг сургаж бэлтгэхээс эхлээд МИУС, одоогийн УДБЭТ, Төрийн ордон, НДС, ГХЯ, УҮТНС зэрэг томоохон барилгын зураг төслийг зөвлөлтийн мэргэжилтэн нартай хамтран зохиож, ГХЯ-ны зэрэг 30 гаруй барилгыг удирдан бариулж, нийслэлд баригдсан олон арван барилгын суурийг ухахаас эхлээд ашиглалтад хүлээлгэж өгөх хүртэл бүх үе шатны ажилд заавар зөвлөгөө өгч, мэргэжлийн удирдлагаар хангаж байсны дээр барилгын мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэхэд эрдэм мэдлэгээ зориулсан байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XII, МҮЭ-ийн VIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, “Алтан гадас” одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |