|
ЖИГЖИДСҮРЭН Пүрэвийн /1947/. Завхан аймгийн Алдархаан сум. Шатарчин, шатрын дасгалжуулагч. Гавьяат дасгалжуулагч /2003-09-03. №165/. Улаанбаатарт Худалдааны техникумыг ня-бо мэргэжлээр төгссөний дээр ЗХУ-д /хуучин нэрээр/ Ленинград /Санкт-Петербург/-ын Лесгафтын нэрэмжит БТДС-ийг шатрын багш дасгалжуулагч мэргэжлээр 1975 онд төгсчээ. Багаасаа шатраар хичээллэж 1971 онд спортын мастер, 1988 онд олон улсын мастер болсон байна. Шатрын УАШТ-ий 1985 оныход түрүүлж улсын аварга болсон, 1977, 1984 оныхоос хошой мөнгөн медаль, 1980 оныхоос хүрэл медаль хүртсэн, МБАТ-ний 4, 8 дугаар спартакиадын аварга , “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит олон улсын тэмцээнд 1986 онд түрүүлсэн, дэлхийн шатрын олимпиадад 1970, 1980, 1990 онд оролцсон нэрт шатарчин ажээ. Шатрын төв клуб, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар 1975-1991 онд, 1998 оноос “Отгонтэнгэр” шатрын клубийн багшаар ажиллаж иржээ. Энэ бүх хугацаанд 100 гаруй шатарчныг сургаж дасгалжуулснаас шавь Б.Хатанбаатар нь 1999 онд Монгол Улсаас анх, Б.Мөнгөнтуул 2004 онд эмэгтэй шатарчдаас анх их мастер болж, олон улсын цолтон спортын мастер 30-аад төрсөн байна. 1990 онд Азийн бүсийн АШТ-д Ц.Батцэцэг түрүүлж, 1995 онд Азийн АШТ-д манай баг 22 орноос 5-р байранд орсон, 2000 онд Туркт болсон шатрын олимпиадад З.Бямбаа 5-р ширээнд хүрэл медаль, Улаанбаатарт 2000 онд болсон дэлхийн оюутны АШТ-ээс эмэгтэйчүүдийн баг хүрэл медаль хүртсэн зэрэг амжилтууд нь дасгалжуулагч багш П.Жигжидсүрэнгийн хөдөлмөрийн үр дүн ажээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |