|
НАМШИР Хангайн /1942/. Завхан аймгийн Түдэвтэй сум. Бөхийн чөлөөт барилдааны дасгалжуулагч байхдаа Гавьяат дасгалжуулагч /1990-11-09. №42/. МУИС-д суралцаж 1966 онд инженер механикч мэргэжлээр төгсчээ. Аж үйлдвэрийн комбинатад засварчнаас дарга, инженер хүртэл ажиллаж арвилан хэмнэх, хоёрдогч түүхий эд ашиглах, биеийн тамир спортын хэрэгсэл үйлдвэрлэх зэргээр олон шинэ санаачилга гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. “Хөдөлмөр” нийгэмлэгт бөхийн дасгалжуулагч байхдаа энэ эрхэм алдар цолыг хүртсэн байна. Одоо “Наран Туул” спорт клубт гүйцэтгэх захирал, дасгалжуулагчаар ажиллаж байна. Сурч, хөдөлмөрлөхийн зэрэгцээ 1958 оноос бөхийн спортыг сонирхож өсвөр үеийн үндэсний бөхийн 15-16 насанд III байр, 17-18 насанд I байр эзэлсэндээ урамшин чөлөөт цагаа спортод зориулах болж, 1963 оноос бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэж, сурснаа үеийнхээ оюутнуудад зааж, улмаар ХААДС-ийн баг тамирчдыг бэлтгэж спартакиадад оруулснаасаа эхлэн идэвхтэн дасгалжуулагчаар ажиллаж иржээ. 1988 оноос улсын шигшээд өндөр зэрэгтэй тамирчид бэлтгэх гэрээ хийж, нийгэмлэгтээ 15 хүнтэй шигшээ баг ажиллуулсны гадна бөхийн клуб байгуулж жил бүр 300 орчим хүүхэд, залуустай ажиллаж дасгалжуулснаар дэлхийн хошой аварга З.Ойдов, дэлхийн аварга Ш.Чанарав зэрэг алдартай олон тамирчин төржээ. Өөрөө улсын хошой аварга, спортын мастер болж, Тбилисийн олон улсын тэмцээнээс хүрэл, Мехикогийн олимпийн 7 хоногийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна. Бөхийн чөлөөт барилдааны талаар томоохон ном бичжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |