|
ДАМБИЙ Бөөгийн /1921-2006/. Дорноговь аймгийн Эрдэнэ сум. Радио спортын дасгалжуулагч. Спортын гавьяат дасгалжуулагч /1979-07-20. №205/. 1935 онд цэргийн дунд сургууль, 1954 онд Тээврийн яамны авто сургуулийн механикчийн дамжаа төгсчээ. Хилийн цэрэгт 1937 оноос радист, станц, отрядын холбооны дарга, 1944 онд Ховдын Булганд байгуулагдсан тусгай группийн холбоочин, хилийн цэргийн холбооны тасгийн дарга, 1955-1960 онд Авто сургууль, Политехникумд багш, 1960-1985 онд Радио спортын төв клубт багш дасгалжуулагч, клубийн даргаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. 1945 онд баруун хязгаарт болсон зэвсэгт тулгаралтад оролцон Шинжаанд тусгай үүрэг гүйцэтгэж явсан байна. 1954 онд Биеийн тамирын хороооны дэргэдэх мото спортын секцэнд суралцаж 1955 онд болсон мото спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ. 1958 онд Радио спортын төв клуб байгуулагдахад тамирчнаар орж анхны радио богино долгионы радио станцыг хийсэн бөгөөд багш дасгалжуулагчаар ажилласан 25 жилдээ радио спортын зэрэгтэй тамирчин олон зууг бэлтгэжээ. Хувийн болон хамтын радио станцуудыг хамтран хийснээр радио спорт богино долгионы, радио пеленгац, хурдач радист зэрэг төрлүүдээр хөгжиж хот, улс, олон улсын тэмцээнд тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж тивдээ 1-3 дугаарт орж, “Миру Мир” олон улсын тэмцээнээс 70 гаруй медаль хүртсэн байна. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, хошой “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |