|
ДАГВА-ОСОР Нацагийн /1922/ Дорнод аймгийн Матад сум. Улсын циркийн хөгжмийн удирдаач байхдаа МУГЖ /1981-07.25.№262/ 1934 оны хавар 12 настайдаа цэргийн үлээвэр хөгжимд хөгжимчнөөр орж урлагийн ажлын замаа эхэлжээ. 1936 онд Цэргийн ерөнхий сургуулийн хөгжимд шилжин очиж, 1938 онд цэргийн хөгжмийн удирдаач нарын дамжаанд суралцаж 1939 оны хавар төгсөөд нисэх дивизийн хөгжмийн удирдаач болжээ. Ийнхүү эх орондоо үлээвэр хөгжим, жааз хөгжим дэлгэрүүлж хөгжүүлэх хэрэгт хүчин зүтгэж, улмаар 1943 оноос Улсын циркийн хөгжимчин, хөгжмийн удирдаачаар тасралтгүй олон жил ажиллажээ. Фокстрот, румба, самба зэрэг нийтийн бүжгийн хөгжим, “Улаанбаатарын хавар”, “Дорнод нутгаар”, “Сэргэлэн залуус”, “Хөгжилтэй үдэш” зэрэг дан хөгжмийн зохиол туурвиж, циркийн “Хаврын цэцэг”, “Шидэт таяг”, “Москва бадарч байна”, “Шидэт бүрээ”, “Чоно, туулайн хөгжилтэй явдал” пантомим болон 70 илүү бүтэн программ, 500 гаруй хөгжмийн ая зохиож циркийн олон жилийн үзүүлбэрүүдийг бүтээлээрээ чимэглэж, урын санг баяжуулсан байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын болон ялалтын ойн медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |