|
БУЯНХИШИГ Лувсандоржийн /1942/ Дундговь аймгийн Буянт-Овоо /Өлзийт/ сум. Дорноговь аймгийн Соёлын ордны найрал дууны багш байхдаа МУГЖ /1979-08-03.№220/ Төрөлх сумандаа бага сургууль, 1968 онд Соёлын яамнаас зохион байгуулсан найрал дууны багшийн тусгай сургалтыг төгссөн. Үрчилсэн ээж нь нас барж өнчирсөн хөвгүүн нааш харсан айл айл дамжин явсаар, Баянтүмэнд бэлтгэлийн мал тууж яваад Хэнтий аймгийн Дархан суманд суурьшсан жинхэнэ эцэг, эх дээрээ очиж өсч өндийжээ. Дархан сумын нэгдэлд мал маллаж байгаад сумын улаан булангийн эрхлэгч болж урлагийн замаа эхэлж, 1960 оноос Хэнтий аймгийн Соёлын ордонд жүжигчин, 1976 оноос Дорноговь аймгийн Соёлын ордон, “Саран хөхөө” театрт найрал дууны багш, гоцлол дуучнаар ажиллаж байгаад насны тэтгэвэрт гарсан байна. Урлагт зүтгэсэн 40 жилд 300 орчим дууг гоцлон дуулж, 200 илүү найрал, цөөхүүл, гоцлол дууг 2000 гаруй хүнд зааж сурган тоглолтод оруулж, өөрөө удирдан дуулуулжээ. “Учиртай гурван толгой”-н Балганаас эхлээд дуурь, яриан жүжгийн 30 гаруй дүрийг бүтээн тоглож, дуу, магтуу, найрал дуу, гоцлол болон бүжгийн хөгжим 70 илүүг зохиож, ардын болон зохиолын 30 гаруй дуунд найруулга хийж дуулуулжээ. 3-9 хүний бүрэлдэхүүнтэй “Ардын дуу”, “Хошин ая-1”, “Хошин ая-2” бие даасан концертын хөтөлбөрүүд боловсруулж олон аймаг, сум, малчдаар аялан тоглосон нь урлагийг олон түмэнд шуурхай хүргэх аятайхан хэлбэр болжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |