
/1933-1990/ Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. УДБТ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1976-07-09.№144/
Улаанбаатарт 1951 онд Санхүүгийн техникум, 1960 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, 1965 онд Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургууль төгсчээ. 1951 оноос УХДТ-т дуучин, 1965 оноос ДБТ, ДБЭТ-т гоцлол дуучин, 1982 оноос УБДС-ийн биеийн тамир, урлагийн факультетийн найрал дууны тэнхмийн багш, тэнхмийн эрхлэгч, 1990 оноос нас бартлаа СУДэС-ийн дуулаачийн тэнхимд багшаар ажилласан нэрт дуучин, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч байжээ. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван тлгой”-н Нансалмаа, “Жаргалын зам”-ын Халиун, “Амарсанаа”-гийн Гэрэлгуа, С.Гончигсумлаагийн “Үнэн”-ий Ядмаа, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ий Татьяна, А.Бородины “Игорь ван”-ы Ярославна, Ш.Гуногийн “Фауст”-ын Маргарита гэхчилэн үндэсний болон сонгодог олон дуурийн гол дүрийг чадварлаг сайхан дуулсан шилдэг дуучин, Ч.Ойдовын “Ардын элч”-ийн Ариунаа, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”-ын Долгор, “Уулзалт”-ын Дэжидийн дүрийг дэлгэцнээ амжилттай бүтээсэн нэрт жүжигчин байжээ. Ариунаагийн дүрийг бүтээснээрээ манай жүжигчдээс анх олон улсын кино наадмын өндөр шагналыг эх орондоо авчирсан байна. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.