|
ЦЭРМАА Юндэндоогийн /1944/ Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. ДБУТ-ын гоцлол бүжигчин байхдаа МУГЖ /1973-07-10.№156/ Эмэгтэй ЗХУ /хуучин нэрээр/-ын Пермь хотын сонгодог бүжгийн сургуульд 1955-1962 онд суралцаж төгссөн, манай мэргэжлийн ахмад балетчдын нэг ажээ. УДБТ, ДБАТ-т гоцлол бүжигчнээр насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг”-ийн Урангоо, “Мөнхийн нөхөрлөл”-ийн Долгор, С.Гончигсумлаагийн “Хошуу наадам”-ын Чулуун, “Найз залуус”-ын Сүнжидмаа, Б.Дамдинсүрэнгийн “Нуурын домог”-ийн Нэргүй, Ж.Чулууны “Уран Хас”-ын Хандармаа, Н.Римский-Корсаковын “Шехерезада”-гийн Гюльнара, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”-ийн Мария, Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй”-н Сванильда зэрэг үндэсний болон сонгодог балетуудын гол дүрүүдийг уран чадварлаг бүжиглэж, жүжиглэж бүтээжээ. Мөн “Золушка”, “Ай Ёо доктор”, “Хунт нуур”, “Мөнгөн залаа”, “Жизель”, “Вальпургийн шөнө” гэхчилэн балетуудын гоцлол болон хоршил /па-де-де/, хэсэглэсэн, тэргүүлсэн бүжгүүдэд чадамгай бүжиглэсэн байна. Тэр бүгдээс Л.Минкусын “Дон Кихот”-ын Китрийн дүрд бүжиглэхдээ зугуухан нахис нахисхийж эхэлснээ зээр мэт үсрэн дүүлж, өрөөсөн хөлийн хуруун дээр босч, зүүн хөлийн шидэлт эргэлтийг 32 удаа хийснээрээ онцгой болжээ. Ер нь бүжих уран хөдөлгөөнийг сэтгэлийн үйлдэлтэй хослуулан, дүрийнхээ сэтгэл зүйг сайн мэдэрч, гар, биений хөдөлгөөн, нүүрний хувирал, нүдний харцаар зан төрхийг нь товойлгон харуулдаг онцлогтой жүжигчин ажээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |