
/1931/ Дундговь аймгийн Луус сум. Дундговь аймгийн Соёлын ордны жүжигчин байхдаа МУГЖ /1971-06-03.№111/ Эмэгтэй
1946 оноос Дундговь аймгийн клуб, Соёлын ордон, Хөгжимт драмын театрт насны тэтгэвэрт гартлаа жүжигчнээр ажиллажээ. Хөгжимчин, дуучин, жүжигчин буюу хөдөөгийн урлагийн байгууллагын жүжигчний хийдэг бүхэнд өөрийн авъяас, хичээл оролдлогыг дайчлан оролцож амжилт гаргаж ирсэн байна. Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”, Б.Бааст, Ц.Цэнджав нарын “Мандухай цэцэн хатан”, Л.Ванган, Дашням нарын “Тожоо жолооч”, С.Цүлтэмийн “Костюмтай хүн”, Н.Банзрагчийн “Цэрмаагийн баяр”, “Ээмэг”, Д.Намдагийн “Шинэ байшинд”, Ч.Ойдовын “Далан худалч”, Б.Лувсандоржийн “Амьдралын замд”, “Харц хатан”, С.Дашдооровын “Салхин дундах зул”, “Шуурганаар төрөгсөд” гээд өөрийнхөө тайзнаа 1980-аад он хүртэлх үед тоглосон бараг бүх жүжгийн дүрүүдийг бүтээж, олон зуун концертод тогложээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.