
/1932-1983/. Увс аймгийн Түргэн сум. Увс аймгийн Соёлын ордны багш байхдаа МУГЖ /1964-09-01. №155/.
1945 онд соёлын ажилтныг бэлтгэх дамжаанд суралцаж төгсөөд Увс аймгийн клуб, соёлын ордон, ХДТ-т жүжигчин, найруулагч, хөгжмийн багшаар нас бартлаа ажилласан байна. Баруун монголын олон ястны ардын дууг сурвалжлан цуглуулж ноотлож уран бүтээлийн эргэлтэд оруулж ард түмэнд түгээжээ. Дуу, бүжгийн ая, дан хөгжмийн зохиол 130 гаруйг бүтээсэн байна. “Мөнгөн цагаан онгоц”, “Үглээ шаазгай”, “Бөхөөж л байлгүй яахав”, “Нарийн хөөрхийм”, “Бэлчээрт”, “Урин цагийн дуу”, “Нууцаа хүүндэе”, “Идэр жавхлан” зэрэг олон дуу нь нийтэд түгсэн байна. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.