
/1925/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум. УТТ-ын хөгжимчин байхдаа МУГЖ /1959-11-21.№195/. Эмэгтэй.
Монголын шинэ үеийн шилдэг хөгжимчний нэг энэ хүн гэрээр бичиг үсэг сурч 1938 онд бичээчийн 6 сарын дамжаанд суралцаад Улаанбаатар хотын захиргаанд, улмаар Хоршоодын төв холбоонд бичээчээр ажиллангаа уран сайханд О.Дашдэлэгээр шанз заалгаж уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Шанз, хийл хөгжмийг гарамгай эзэмшиж ардын найрал болон симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд идэвхтэй оролцож оноолт хөгжмөө зүрх сэтгэлээрээ мэдэрч, яруу тунгалаг хөгжимдөн удирдаачдын итгэл найдварыг хүлээсэн байна. Анх удаа дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг үндэсний хөгжимд хөрвүүлэн тоглож Австрийн хөгжмийн суут зохиолч В.Моцартын “Рондо” буюу “Түрэг марш”-ийг шанз хөгжмөөр сонсогчдын сэтгэлд шингэж, зоригийг бадраам хөгжимдсөн байна. Уран бүтээлийн 50 гаруй жилдээ театрын урын санд орсон бүх бүтээлд хөгжимчний үүргээ нэр төртэй гүйцэтгэж “Учиртай гурван толгой”, “Шарай голын гурван хаан”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Мандухай цэцэн хатан”, “Далан худалч”, “Жаргалын зам”, “Амарсанаа”, “Хан бүргэд”, “Тэмцэл”, “Евгений Онегин”, “Чио Чио Сан”, “Игорь ван”, “Кармен” зэрэг 40 орчим дуурь, “Ганхуяг”, “Хошуу наадам”, “Найз залуус”, “Хөгжмийн эгшиг”, “Шарилжин дундах цэцэг”, “Шехерезада”, “Уран Хас”, “Бахчисарайн оргилолт булаг”, “Шелкунчик”, “Дон Кихот”, “Спартак”, “Жизель”, “Корсар” гэхчилэн 30 шахам балетын хөгжмийг боловсруулан бүтээхэд тасралтгүй оролцсон байна. ДЗО-ны таван удаагийн их наадамд хөгжимчнөөр оролцож 1957 онд Москвад болсон VI их наадамд С.Гончигсумлаагийн зохиол “Рапсоди” тоглож мөнгөн медаль, 1959 онд Венад болсон VII наадамд Л.Мөрдоржийн “Унаган жороо”, В.Моцартын “Рондо”-г хөгжимдөж диплом, тусгай шагнал хүртжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. 2001 онд “Монголын саран ээж” нийгэмлэг “Чин сэтгэлийн хүндэтгэл дурсамж” хадгалуулсан байна