|
РАВДАН Банзрагчийн /1905-1943/. Архангай аймагт Тамирын голын савд төржээ. УТТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1941-08-04. №48/. 1931 оноос Улсын төв театрт ажиллаж Очирын “Өвгөн бүргэд”-ийн өвгөн, Лопе де Вегагийн “Хонины булаг”-ийн Фрондосын эцэг тариачин, “Монгол хүү” киноны бадарчин, “Сүхбаатар” киноны солиорсон өвгөн зэрэг дүрийг тайз, дэлгэцнээ бүтээжээ. Энэ хүний тухайд 1940-өөд онд Улсын төв театрт мэргэжилтнээр ажиллаж байсан Ефремов дурдатгалын гар бичмэлдээ “Дорнодын хүн. Ядуу айлд төржээ. Эцэг, эхтэйгээ Их хүрээнд гуйлгачлан ирэхэд 10 настай байв. Эцэг нь тарвагачин, сур элдэж бүс хийдэг байв. Тэд Равданг 16-тайд өөд болжээ. Гуйлгачин байсан Равдан эхлээд ус зөөгч, мод түлээ хагалагч байснаа лам болж, удалгүй улаач болж улаа хийж яваад гаминд баригдаж цаазлуулдгийн даваан дээр тэндээс оргож, хятад генералд баригдаж улаач болжээ. Түүний морийг гадаа барьж зогссоор байгаад гараа хөлдөөжээ. Унгерний эзэрхий үед баян Жамбад зарагдаж тогооч, зарлага нь болж үзжээ. Хувьсгалтай золгож Сангийн яамны галч болж, дараа нь гаалийн байцаагч цагдаа болжээ. Тэнд байхдаа өвчилж ажлаас халагджээ. Удалгүй намын сургуульд шалгуулж тэнцээд сайшаагдан оржээ. Тэндээс Баянтүмэнд алба хаах болж, тэр үед уран сайхнаар сонирхдог болсон хүн юм” гэж дурсан бичсэнийг хөдөлмөрийн баатар, эрдэмтэн, зохиолч Л.Түдэв “Бүтээлийн чуулган”-ыхаа V ботид хуулж оруулсан байна. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |