
/1908-1989/. Төв аймгийн Сэргэлэн сум. Улсын төв театрын хөгжимчин байхдаа МУГЖ /1935-10-01. №26/.
1925 онд бага сургууль төгсөөд Дэлгэрэх уулын аймгийн яам, Ардыг гэгээрүүлэх яам, Монголтранс, Монгол банкинд бичээчээр ажиллаж, цэргийн албыг хаажээ. 1930-1957 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн, Улсын төв театр, Улсын цирк, УАДБЧ-д хөгжимчин, 1957 оноос хойш ХБДС-д багшаар ажилласан байна. 1928 онд Ленинград хотод, 1933, 1935 онд Москвад очиж монгол ардын дуунуудыг хөгжимдөж пянзанд бичүүлсэн нь одоо ховор нандин дурсгалт зүйл болоод буй ажээ. “Идэр жинчин”, “Жавхлант сүрэг”, “Үхэрчин хүү”, “Баян Монгол” зэрэг шинэ цагийн анхны дуунуудыг алдарт дуучин М.Дугаржав, Ж.Дорждагва, хуурч Д.Түдэв нартай хамтран зохиож анх пянзанд бичүүлжээ. Энэ үеэс “Үхэрчин хүү Цэрэндорж” гэж алдаршжээ. Битүү амьсгаагаар лимбэдэхийн гайхамшгийг төгс эзэмшсэн энэ алдарт хөгжимчин лимбэ, шанзны сурах бичиг зохиосон нь уг хөгжмийг сонирхогчдын гарын авлага болж байна. Эх орондоо хувьсгалт шинэ соёлыг үүсгэхээс эхлээд 60 шахам жилийн бүтээлч хөдөлмөр, авьяас билэг, оюун ухаанаа соёл урлагийг хөгжүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэх үйл хэрэгт зориулсан алдартай уран бүтээлч, ахмад сурган хүмүүжүүлэгч энэ хүнийг улс төрийн хэлмэгдүүлэл тойрсонгүй. 1938 онд аанай л эсэргүүн хэмээн баривчилж шоронд хорьж тамлажээ. 1958 онд цагаатгасан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, “Бид ялав” болон Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.