
ДАМЧАА Банзарын /1932/ Баян-Өлгий аймгийн Буянт сум. “Монгол кино” үйлдвэрийн жүжигчин байхдаа МУГЖ /1985-12-23.№256/
Дунд сургууль, Санхүүгийн сургууль, Төмөр замын сургууль комбинатыг тус тус төгсчээ. Улаанбаатар төмөр замд ажилчин, Төмөр замын Соёлын ордон, “Монгол кино” үйлдвэрт жүжигчнээр ажиллажээ. Монголын анхны эстрад дуучдын нэг. 1960-аад онд өөрөө гитардан “Цэнгэлтэй үдэш”, “Эмч бүсгүй”, “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” зэрэг дууг дуулж залуучууд, үзэгчдийн анхаарал сонирхлыг татаж олны танил болсон энэ уран бүтээлч дэлгэцийн урлагт Д.Жигжидийн найруулсан “Үер”-ийн Молом, “Хүргэн хүү”-гийн Хайдав, Б.Балжиннямын “Мандухай цэцэн хатан”-ы Исмэл тайж гэхчилэн ихэвчлэн эсрэг талын олон дүрийг сэтгэлд хоногшуулан бүтээсэн байна. 200 гаруй кинонд дуу оруулж, 10 илүү киноны хоёрдугаар найруулагчаар ажиллаж, С.Эрдэнийн зохиол “Сэрүүн дуганын мөхөл” зэрэг хэд хэдэн киног найруулан гаргажээ. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.