
/1931-1995/. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум. Дундговь аймгийн Мандалговь хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1991-07-05. №161/.
Улаанбаатар хотод Багшийн сургууль, УБДС төгсчээ. Дорнод аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Гурвансайхан сумын сургуульд багш, эрхлэгч, аймгийн намын хороонд зохион байгуулагч, 1972 оноос Мандалговь хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийн захирал, багшаар ажиллажээ. Захирлаар 20 жил ажиллахдаа сургуулийн материаллаг баазыг арвижуулж бэхжүүлэх, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сурлагын чанарыг сайжруулахад хүч зүтгэл, туршлагаа зориулж сургуулиа улсын тэргүүний сургууль болгосон авьяаслаг зохион байгуулагч, удирдах ажилтан байлаа. Энэ 20 жилд тус сургуулийн сурлагын амжилт 99,8-99,9 хувь, чанар 41,5-49,9 хувьд хүрч улсын дунджаас 6,9-14,1 хувь дээгүүр байв. Улсад анх удаа 1978 онд математикийн, 1979 онд хөдөлмөрийн өргөтгөсөн, 1986 онд багшийн, 1990 онд дүрслэх урлагийн гүнзгийрүүлсэн сургалтыг санаачлан зохион байгуулсан нь үр дүнтэй болж одоо ч хэвээр үргэлжлэн явагдаж байна. 1981-1990 онд математик, монгол хэлний улсын олимпиад, орос хэлний теле уралдаанд тогтмол 1-3 дугаар байр эзэлж, 1982, 1985, 1988, 1990 онд математикаар олон улсад шалгарч, 1991 онд сурагчдын зурсан зургийн үзэсгэлэнг Япон улсад гаргаж, 1987 онд Монгол хэлний олимпиадын аварга сургууль болжээ. Волейболчин охидын баг нь 10 удаа идэрчүүдийн улсын аваргаар шалгарсан байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.