
/1909-1999/. Оросын Буриадын Хайцгар нутагт төрсөн. Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1961-08-17. №207/. Эмэгтэй.
1926 онд хоршооны сургууль, 1928 онд Оюутны /багшийн/ сургууль, 1944 онд оройн дунд сургууль, 1951 онд МУИС төгсчээ. 1928 онд Алтанбулаг хотын бага сургуулийн багшаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, Улаанбаатар хотын үлгэр жишээ бага сургууль, Мал эмнэлгийн техникум, Багшийн сургууль, Цэцэрлэгийн багшийн сургууль, Ленинград хотын сонгодог бүжгийн сургууль /тэнд суралцаж буй монгол хүүхдүүдийн багш/, Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн нэг, хоёрдугаар дунд сургуульд багш, Улсын хэвлэх үйлдвэрт сурах бичиг хянагч, Ардын гэгээрлийн яаманд заах аргын мэргэжилтэн зэрэг ажлыг 50 гаруй жил хийсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, мөн төдий Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 15, 25, 40, 50, 60 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.