
/1900-1987/. Түшээт хан аймгийн Түшээт вангийн хошуу, өнөөгийн Өмнөговь аймгийн Манлай сум. СЭЗТ-ын багш байхдаа Гавьяат багш /1951-10-17. №86/.
Бага насандаа их говийн эрдэмт хичээнгүй мээрин Доржоор бичиг үсэг заалган сурч, 1911-1919 онд суман өртөө, хошуу, аймгийн бичээч хийж байжээ. 1921 оны хавар Ардын хувьсгалын партизан цэргээс зугтаж явах зууртаа говь Түшээт вангийн хошуу /одоогийн Дундговь, Өмнөговь аймгийн нутаг/-ны ард олныг алж талж, мал хөрөнгийг дээрэмдэх зэргээр аюул учруулсан гамин цэргүүдтэй тэмцэх орон нутгийн цэрэгт татагдан оролцож тэр гаминг Монгол нутгаас хөөн гаргалцсан байна. 1921 оны намраас Түшээт хан аймгийн чуулган даргын жасааны бичээч, Шүүх яаманд бичээч, 1923 оноос Сангийн яаманд түшмэл, Хатгалын гаалийн хорооны дарга, ня-бо, ахлах мэргэжилтэн, Улаанбаатар хотод нягтлан бодогчийн дамжаа, сургууль, Санхүү, эдийн засгийн техникумын багш, хичээлийн эрхлэгч, захирал, Сангийн яаманд мэргэжилтэн, 1963 оноос МУИС-д багш зэрэг ажлыг 50 гаруй жил хийгээд 1974 онд насны тэтгэвэрт гарсан байна. Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, улс оронд бүртгэл тооцооны систем үүсч хөгжихөд мэдлэг, туршлага, авьяас чадвараа зориулсан, дэд профессор цолтой, нэрт сурган хүмүүжүүлэгч, санхүү, эдийн засгийн албаны ахмад ажилтан байжээ. Нягтлан бодох бүртгэлийн хэд хэдэн сурах бичиг, өөрийн багш Дорж мээрэнгийн тухай “Их говийн эрдэмт хичээнгүй Б.Дорж” хэмээх дурдатгалын ном бичиж хэвлүүлсэн байна. Ардын Их Хурлын депатутаар сонгогдож, МАХН-ын VI, VII, МҮЭ-ийн I, II их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, хоёр удаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын болон ялалтын ойн медалиудаар шагнагджээ