Урлаг, спорт
|
ЧУЛУУНБААТАР Гүнсэнжавын ЧУЛУУНБААТАР Гүнсэнжавын /1943/. Увс аймгийн Цагаанхайрхан сум. Тус аймгийн ХДТ-ын найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2005-07-26. №29/. 1971 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгсчээ. 1961-1964 онд Увс аймгийн Баруунтуруун сумын 10 жилийн дунд сургуульд багшаар, 1964-1967 онд Увс аймгийн Соёлын ордонд жүжигчнээр, 1971 оноос хойш Хэнтий, Увс аймгийн Соёлын ордон, ХДТ-т найруулагчаар ажиллаж буй ажээ. Жүжигчнээр ажиллах хугацаанд монгол ардын дуу “Цэнхэрлэн харагдана”, “Хээр морь” зэрэг 30 шахам дууг гоцлон дуулж, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, “Далан худалч” жүжгийн бэлэн Сэнгэ зэрэг 20 гаруй жүжгийн гол дүрд тогложээ. Найруулагчаар ажилласан хугацаанд “Нандин эрдэнэ”, “Хярааны хонхорт”, “Дөшин жирмийнхэн” драмын жүжиг, “Учиртай гурван толгой” дуурь зэрэг 100 гаруй хөгжимт драм, дуурь, сонгодог бүтээлүүдийг найруулан тавьж, 200 гаруй концертын найруулагчаар ажиллаж, “Увсын уянга”, “Хархираан цуурай” зэрэг концертүүд нь улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байжээ. 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1977 онд “Алтан гадас” одон болон хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |