
ТУУЛАЙХҮҮ Нямаагийн /1954/. Улаанбаатар хот. УДБАТ-ын ерөнхий удирдаач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2003-11-20. №186/.
Өвөрхангай аймгаас 1967 онд ХБДуС-д шалгарч ирж бялар хөгжмийн ангид орж байсан энэ хүн 1985 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Свердловск /Екатеринбург/ хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурь, симфони хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ. УДБТ-т хөгжимчин, улсын филармони, 1997 оноос СУАТ-т удирдаач, ерөнхий удирдаачаар ажиллаж ирлээ. Улсын филармони, СУАТ-ын тайзнаа П.И.Чайковский, Л.Бетховен, В.А.Моцарт, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Б.Шарав зэрэг гадаад, дотоодын хөгжмийн зохиолчдын бүгд 300 гаруй симфони, дуу, удиртгалыг удирдан эгшиглүүлээд байна. 1993 оноос хойш Монгол Ардын хувьсгалын ойд зориулсан хүндэтгэлийн концертууд, 1994-2000 оны “Алтан намар” хөгжмийн наадам, 1994-1997 оны “Морин хуур” дууны наадмын удирдаач, ерөнхий удирдаачаар ажиллажээ. Үндсэн ажлынхаа хажуугаар сүүлийн 10-аад жилд ХБК-ийн симфони найрал хөгжмийн удирдаач багшаар ажиллаж сонгодог урлагийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд мэргэжил мэдлэгээ зориулж байна. 1996 онд “Гоо марал”-ын шилдэг удирдаачийн шагнал авсан байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.