
ЖИГЖИДСҮРЭН Гомбожавын /1942/. Төв аймгийн Баян сум. БСШУЯ-ны мэргэжилтэн байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2003-01-29. №16/.
1960 онд “Монгол кино” үйлдвэрт ажилчнаар орж, найруулагч Д.Жигжидийн туслахаар “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд ажиллаж киноны уран бүтээлийг хэрхэн хийдэг арга ажиллагаатай биечлэн танилцаж, 1962-1967 онд Москвад Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуульд суралцаж кино найруулагч, зохиолч мэргэжлээр төгсчээ. Дээд сургууль төгссөнөөсөө хойш “Монгол кино” үйлдвэрт найруулагч, ерөнхий найруулагч, Монгол телевизийн программын захиргааны дарга, уран сайхны удирдагч, УБДС-д багш, төсөл хэрэгжүүлэгч, БСШУЯ-ны соёл, урлагийн бодлого зохицуулалтын газарт мэргэжилтэн зэрэг алба ажлыг хийсээр иржээ. “Анхны алхам”, “Суварган цэнхэр уулс”, “Эхлэлт”, “Эх бүрдийн домог”, “Фронтод явах өргөдөл”, “Нарны домог”, “Хатанбаатар”, “Зарлаагүй дайны оршил”, “Намар нахиалсан мод”, “Алтан шонхор”, “Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс”, “Амин мөр”, “Үхлийн ирмэг дээр”, “Их хааны удам”, “Цагаан сүүний домог” зэрэг уран сайхны олон киног найруулжээ. “Хунгийн дэгдээхэй”, “Амьдрал хаанаас эхэлдэг вэ”, “Насан туршийн хайр”, “Сартай шөнийн уянга”, “Намрын бороо” зэрэг дууны шүлэг, нэлээд өгүүллэг зохиосны дээр Чингис хаан, Жамухын нөхөрлөлийн тухай “Усан дээрх гал” хэмээх тууж зохиож хэвлүүлсэн байна. Вампиловын “Чулунскэд болсон явдал” жүжиг, “Авралын од”, “Хатины эмгэнэлт явдал”, “Гал эзэгнэгч” зэрэг киног орчуулж монгол үзэгчдэдээ хүргэсэн байна. Монголын кино урлагт нандин сэтгэл, сэтгэлийн хөдлөл, утга уянгын барилыг авчирч, кино болон театрын урлагийн залуу халааг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсан, дотоод, гадаадын үзэгчдэд өндөр үнэлэгдсэн олон бүтээл туурвисан нэрт уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч, кино урлагийн томоохон зүтгэлтний нэг ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.