
МӨНХ Дэмбэрэлийн /1942/. Говь-Алтай аймгийн Наран сум. Говь-Алтай аймгийн бие даасан уран бүтээлч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1998-07-07. №97/.11 настайдаа алдарт зураач Д.Маньбадарт шавь орж бийр будаг нийлэх эв дүй заалгасан цагаасаа уран бүтээлээ эхэлжээ. 1967 онд УБДС-ийг төгсөөд Говь-Алтай аймгийн урчуудын эвлэлийн салбарт зураач, дарга, эрхлэгчээр тасралтгүй ажиллаж иржээ. Говийн Алтайн үзэсгэлэнт байгаль, тэр нутгийн хөдөлмөр, соёлын сайчуудыг уран бүтээлийнхээ гол сэдэв болгож олон арван том зураг, хөрөг, хэдэн зуун судалбар бүтээжээ. Уран бүтээлийнхээ бие даасан үзэсгэлэнг хэдэнтээ гаргасны гадна Орос, Хятад, Франц, Финланд, Мексик, Итали, Японд гаргасан үзэсгэлэнгүүдэд оролцож гадаадын үзэгчдэд толилуулсан байна.