
БОЛД Лувсангийн /1959/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот. МУЭХ-ны дэд дарга байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1996-10-23. №209/.1975-1979 онд Улаанбаатар хотод Дүрслэх урлагийн дунд сургуульд, 1983-1988 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Москва хотын Строгановын нэрэмжит урлаг, үйлдвэрлэлийн дээд сургуульд суралцаж уран барималч мэргэжлээр төгсчээ. МУЭ-ийн уран баримлын нэгдэлд 1979-1983, 1989-1991 онд, Сэлэнгэ аймаг дахь Урчуудын эвлэлийн салбарт 1988-1989 онд барималч, 1991-1995 онд Уран баримлын нэгдлийн дарга, 1995 оноос хойш МУЭ-ийн хорооны дэд дарга, даргаар ажиллаж байна. “Бүрээч”, “Уурхайчин”, “Нүүдэлчин”, “Харваач”, “Загас” гэх мэт баримал, Мэгжид Жанрайсиг бурхны баримал, Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө зэрэг томоохон бүтээл туурвижээ. Түүхт хүмүүс, улс нийгмийн амьдралд чухал нөлөөтэй үйл явдлыг баримлын урлагт мөнхжүүлэх, ард түмний бүтээсэн соёл, урлагийн дурсгалт зүйлийг сэргээн босгоход дорвитой хувь нэмэр оруулж байгаа уран бүтээлч ажээ. МУЭ-ийн нэрэмжит шагналаар шагнагджээ.