
ЭРДЭНЭБУЛГАН Лхагвын /1940/. Булган аймгийн Бугат сум. ДБУАТ-ын дарга, ерөнхий найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1992-05-04. №65/.
ЗХУ-д /хуучнаар/ хөгжмийн дээд сургууль төгссөн. Найруулагч мэргэжилтэй. УДБТ, СУАТ-т дуучин, гоцлол дуучин, найруулагч, ерөнхий найруулагч, даргаар ажиллаж иржээ. “Халуун элгэн нутаг”, “Ургацын далай” зэрэг олон дуугаараа үзэгч, сонсогчдын талархлыг хүлээж “Учиртай гурван толгой”-н Юндэн, “Фауст”-ын Валентин, “Хатанбаатар Магсаржав” киноны Магсаржав, “Моторын дуу” киноны нэгдлийн даргаар түмний танил болсон жүжигчин ажээ. Дуурийн найруулгын хэвшсэн загварыг өөрчилж шинэ эрэл хайгуул хийсээр Ж.Россинийн “Севилийн үсчин”, Ж.Пуччинийн “Тоска”, “Турандот”, М.Ковалийн “Чоно ба долоон ишиг”, Ж.Бизегийн “Кармен”, Д.Лувсаншаравын “Нүцгэн ноён”, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”, “Өгөдэй хаан”, Г.Дарамзагдын “Нүүдлийн замд” зэрэг 30 гаруй дуурийг найруулан тавьж, театрын урлагийг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, авьяас билгээ зориулж амжилтад хүрч байгаа уран бүтээлч ажээ. “Үүлэн заяа”, “Өгөдэй хаан” зэрэг нэлээд бүтээл нь Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн байна. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиар шагнагджээ.