
ХИШИГТ Дэмидийн /1931/. Архангай аймгийн Хашаат сум. Монгол үндэсний дүрс бичлэгийн киноны “Өлзий” пүүсийн уран сайхны удирдагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1991-07-05. №161/.Дотооддоо урлагийн дунд сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ кино урлагийн дээд сургууль төгсч, Москвад телевизийн киноны дамжаанд суралцаж мэргэжил дээшлүүлжээ. Хүүхэд, залуучуудын театрт жүжигчин, Дорнод аймгийн ХДТ-т найруулагч, уран сайхны удирдагч, “Монгол кино” үйлдвэр, Монгол телевизэд найруулагч, “Телекино” үйлдвэрт уран сайхны удирдагч, найруулагчаар ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. “Баясгалан”, “Тус биш ус” дэлгэцийн уран сайхны кино, “Монгол гэр”, “Монгол эмээл”, “Монгол хөөмий”, “Монгол бичиг”, “Ингэн эгшиг” гэх мэт телевизийн 90-ээд баримтат киног найруулжээ. “Орхоны хөндийд”, “Нүүдэл” гэх мэт нэлээд баримтат кино, “Нөмрөг хадны цуурай”, Ш.Сүрэнжавтай хамтарч “Гарьд магнай”, “Тод магнай” уран сайхны кино, А.Очирбаттай хамтарч “Хүү” жүжгийн зохиолыг бичжээ. “Баян бүрдийн тавилан” кино нь оны шилдэг бүтээлээр шалгарч, “Монгол хөөмий”, “Ингэн эгшиг”, “Дэмбээ” киногоороо олон улсын телевизийн 1983, 1987, 1990 оны “Солонго” наадмын тэргүүн шагнал хүртсэн байна.