
АЮУШ Шарын /1946/. Өмнөговь аймгийн Цогтцэций сум. Өмнөговь аймгийн ХДТ-ын уран сайхны удирдагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1991-06-25. №111/.
Улаанбаатарт ХБДС, ЗХУ-д /хуучин нэрээр/ соёл урлагийн дээд сургууль төгсчээ. Морин хуурч, нарийн бүрээч, хөгжмийн удирдаач мэргэжилтэй. 1970 оноос Говь-Алтай аймгийн ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгад хөгжмийн багш, удирдаач, уран сайхны удирдагч, 1987 оноос Өмнөговь аймгийн ХДТ-ын уран сайхны удирдагч, даргаар ажилласан байна. “Ёлын домог”, “Ард Аюуш”, “Говь гурван сайхан” зэрэг олон бүжиг, жүжгийн хөгжим, дан хөгжмийн зохиолууд хийсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.