
БУНТАР Жамъянгийн /1928-1997/. Говь-Алтай аймгийн Бигэр сум. “Монгол кино” нэгтгэлийн ерөнхий найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1990-11-01. №18/ 1947-1950 онд Намын дээд сургуульд, 1959-1963 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуульд суралцаж уран сайхны киноны найруулагч мэргэжлээр төгсчээ. 1945-1947 онд Говь-Алтай аймагт багш, 1950-1951 онд Намын Төв хорооны үйлдвэрийн хэлтэст зааварлагч, 1952-1959 онд МЗНН-ийн Төв Зөвлөлд лектор, хэлтсийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, орлогч дарга, 1963 оноос хойш “Монгол кино” үйлдвэрт редактор, ерөнхий найруулагч, үйлдвэрийн дарга, Улсын киноны ерөнхий газрын орлогч бөгөөд “Монгол кино” студийн дарга, кино урлагийн “Харцага” дээд сургуульд багшаар ажилласан байна. Киноны дээд сургуульд оюутан байхдаа “Элбэг дээл” киноны зохиолыг Б.Жамсрангийн хамт бичиж, 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулсан өнгөт баримтат киног өөрийн зохиолоор хийж, “Дамдины Сүхбаатар” хэмээх баримтат киног зохиож Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд II байр эзэлж байжээ. “Төгсгөл”, “Далайд дусал нэмэр”, “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог” /Г.Жигжидсүрэнтэй хамтарч/, “Давааны цаана даваа”, “Үүрийн цолмон”, “Гэрлэж амжаагүй л явна”, “Гарьд магнай”, “Галын урсгал”, “Ирж яваа цаг”, “Тод магнай” зэрэг уран сайхны, “Ууган үйлдвэрүүд”, “Түүхт ой”, “Дамдины Сүхбаатар”, “Авьяас чадлын сорилт”, “Ардын эрхт Монгол Улс” зэрэг баримтат киног найруулж, гадаадын 30 гаруй киног орчуулжээ. Бүтээлүүддээ үндэсний ёс заншил, дүрийн дотоод сэтгэлийн зөрчил, тэмцлийг чадамгай тусган харуулдаг өвөрмөц арга барилтай уран бүтээлч байжээ. “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог” киногоороо Москва, Карловы Варын олон улсын кино наадмын тусгай болон тэргүүн шагнал хүртжээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.